Press ESC to close

Монголын хөлбөмбөгийн хөгжил сүүлийн 30 жилд байрандаа гацав.

  • March 27, 2024
  • (0)

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өнгөрсөн өдрүүдэд Олон улсын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан албан ёсны нөхөрсөг тоглолтод оролцлоо. Энэ хүрээнд Европ болон Африкийн тивийн багтай хоёр дахь удаагаа нүүр тулсан нь энэ байв. Өмнө нь Монголын багтай тоглосон анхны европ баг нь Гүрж байсан бол Африк тивээс Мавритиус, Вэнауту байлаа. Аль алинд нь хожигдсон үе.

Түүнчлэн Азийн өндөр зэрэглэлийн Вьетнам, Япон, Энэтхэгтэй тоглож байсан. Үүнийг эс тооцвол өөртэйгээ дандаа ижил түвшний багуудтай тоглож хожиж, хожигдож, тэнцэж явсан. Гэхдээ хожигдох нь их. Хойд Марианы арлуудын багийг 2014, 2016 онд 8:0, 4:0-ээр хожсон нь Монголын багийн хамгийн том амжилт, хамгийн олон гоолын зөрүүтэй хожил байв. Тэгвэл сүүлийн 30 жилийн хугацаанд Монголын хөлбөмбөгийн шигшээ багт бараг өөрчлөлт гарсангүй. Хөлбөмбөгчид нь солигдсон, дасгалжуулагч солигдсоныг эс тооцвол өөр онцын өөрчлөлт байсангүй. Монголчууд эртнээс хамгаалж тоглодгоороо алдартай байсан. Тэр байдал өнөөдөр ч давтагдсаар. Одоогийн дасгалжуулагч Ичиро Оцүка ч үүнийг хүлээн зөвшөөрсөн.

Тэрээр Азербайжанд хожигдсоны дараа “Бид хамгаалсаар байгаад л гоол алдлаа. Хамгаалж сурсан бол одоо довтлох тал дээр анхаарлаа хандуулна” хэмээн ярьсан нь Монголын шигшээ багийн тоглолтын арга барилыг харуулна.

Монгол хөлбөмбөгийн шигээ уржигдар дэлхийн чансааны 119 дүгээрт эрэмбэтэй Африкийн Танзани улсын шигшээ багтай тоглолоо. Манай шигшээ баг эхний хагаст өөрсдөдөө хэд хэдэн боломж гаргасан ч ашиглаж чадсангүй. Харин хамгаалсаар эхний хагасыг 0:0-ээр дуусгасан. Гэвч хоёрдугаар үед Танзанийн залуус хурдаар илүүрхэн манай багийн хаалганд гурван гоол оруулж амжлаа. Ингэснээр үндсэн цагт 3:0-ээр хожигдов. Зөвхөн хамгаалж тоглох нь эцэстээ үр дүн муутай байдгийг энэ тоглолт харуулсан. Монголын шигшээ багийн довтлох нь бага учраас өөрсдөдөө боломж гаргаж чаддаггүй. Гаргасан хэдэн боломжоо үр дүн муутай ашигладаг гээд тоочвол шүүмжлэх зүйл их.

Герман мэргэжилтэн Вайс Монголын шигшээ багтай ажиллахдаа тоглолтын түвшнийг нь бага зэрэг ахиулсан ч түүнийгээ тордох нь тааруу байсны балгаар эргээд уналтад оржээ. Хөлбөмбөгийн чанараа дээшлүүлэхийн тулд лигээ зохион байгуулалтыг сайжруулах алхам хийж, шагналын санг өсгөж, тамирчдыг цалинтай, байнгын бэлтгэлтэй болголоо. Харамсалтай нь, үр дүн муутай байна. Монголын хөлбөмбөгийн лиг нэг шат ахисан уу, ахисан. Багуудын түвшин ч тодорхой хэмжээгээр дээшилж, дотоодын өрсөлдөөн мэдэгдэхүйц сайжирсан нь үнэн. Гэхдээ гадагшаа тоглох тоглолт тэг хэвээрээ. Үүнийг сүүлийн 14 удаагийн тоглолтын статистикаас харж болно.

Монголын хөлбөмбөгчид 2021 оны гуравдугаар сараас хойш олон улсын чанартай 14 тоглолтод оролцохдоо хоёр хожиж, хоёр тэнцэн, 10 удаа хожигдсон байна. 2021 оны зургадугаар сарын 7-нд Киргизстаныг, 2022 оны зургадугаар сарын 14-нд Йеменийг тус тус хожжээ. Тэгвэл 10 хожихдоо зөвхөн Гүржийн шигшээ багийн хаалганд л нэг гоол оруулж чадсан. Бусдынх нь хаалганы торыг хөдөлгөж чадаагүй. Хоёр тэнцсэн тоглолт нь хоёулаа хуурай тэнцээгээр өндөрлөсөн. Эндээс довтолгоо ямар их асуудалтай байгааг харж болно. Япон мэргэжилтэн Ичиро Оцүкагийн гэрээний хугацаа 2025 онд дуусна. Харин түүнээс өмнө Монголын шигшээ баг ээлжит тоглолтоо ирэх зургадугаар сард хийнэ. Түүнчлэн есдүгээр сард 2027 оны Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцох хуваарьтай байна. Эдгээр тоглолтод хамгаалалтаас довтолгоо руу шилжих арга барилд хэрхэн суралцаж, түвшин ахисныг харж болно. Нэг ёсондоо япон мэргэжилтэн монголчуудтай хэрхэн ажилласныг илтгэх, түүний ажилд дүн тавих тоглолт юм. Монголын баг хөгжлөөрөө ухарсаар байх уу, нэг шат урагшлах уу гэдгийг дараагийн тоглолтоос харцгаая.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *