Press ESC to close

2024 оны элсэлтийн шалгалтын удирдамжийг танилцууллаа

  • March 11, 2024
  • (0)

Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлж байгаатай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Боловсролын багц хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ЭЕШ-ын журамд зарим өөрчлөлт орж байгаа аж.

Босго оноо хүрэхгүй бол их, дээд сургуульд элсэх боломжгүй

Энэ жил ЕБС-ийн арванхоёрдугаар ангийг 35485 суралцагч төгсөнө. Үүн дээр өмнөх жилийн сурагчдаас 5-6 мянга гаруй суралцагч нэмэгдэж, 2024 онд ойролцоогоор 40 мянга орчим суралцагч ЭЕШ өгөх аж. Засгийн газрын 37-р тогтоолын дагуу ЭЕШ өгөх бүх шалгуулагчаас монгол хэл, монгол бичгийн шалгалтыг заавал авна. Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо 400 хэвээрээ байна. Монгол хэл, бичгийн шалгалт дээр босго оноо 400 хүрээгүй ч бусад шалтгалтыг өгч болдог. Харин монгол хэл, бичгийн босго 400 хүрээгүй бол тухайн жилдээ Монголын их, дээд сургуульд элсэх боломжгүй болдог зохицуулалт хэвээрээ аж.

Монгол хэл бичгийн шалгалд дөрөвдүгээр сарын 6-нд болно

Өнөөдрөөс буюу хоёрдугаар сарын 19-нөөс Элсэлтийн Ерөнхий шалгалтын монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл эхэлсэн бөгөөд гуравдугаар сарын 15 хүртэл цахимаар үргэлжилнэ. Бусад хичээлийн шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 26 хүртэл үргэлжлэх аж.

 Дөрөвдүгээр сарын 6-ны 10.00 цагаас монгол хэл бичгийн шалгалтаар ЭЕШ улсын хэмжээнд эхэлнэ. Монгол хэл, бичгийн шалгалтыг мэргэжлийн багш нар шалгаж засах учраас гар ажиллагаа ихтэй. Шалгалтын дүнг ажлын 15 хоногийн дотор мэдээлнэ.

Элсэлтийн шалгалтын хичээл сонголтод өөрчлөлт ороогүй. Монгол хэл, англи хэл, физик, математик, орос хэл, биологи, түүх, нийгэм судлал, газар зүй, хими гэсэн 10 хичээлээс сонгон шалгалт өгнө. Шалгуулагч хамгийн багадаа 2, хамгийн ихдээ 10 хичээл сонгон элсэлтийн шалтгалтаа өгөх аж.

 Олон улсын шалгалтын оноог элсэлтийн шалгалтын оноонд дүйцүүлнэ

Олон улсын нийтлэг хүлээн зөвшөөрдөг хөтөлбөрүүдтэй элсэлтийн шалгалтын дүнг дүйцүүлэх өөрчлөлт орсон байна. Тухайлбал, Кембрижийн олон улсын шалгалтууд, олон улсын AB, А түвшний шалгалт, TOFEL, IELTS, SAT-ын шалгалт өгсөн хүүхдүүд тухайн хичээлээрээ элсэлтийн шалгалт өгөхгүйгээр авсан оноогоо элсэлтийн шалгалтын дүнтэй дүйцүүлж, дотоодын их, дээд сургуульд элсэх боломжтой. Гэхдээ олон улсын шалгалт өгсөн ч тухайн шалгуулагч өөрөө хүсвэл элсэлтийн шалгалтаа өгөх эрх нээлттэй.

Дүйцүүлэх хүсэлтийг гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 31 хүртэл цахимаар Боловсролын үнэлгээний төв хүлээн авна. Хүсэлт авах хугацаа дууссанаас 10 хоногийн дараа Боловсролын үнэлгээний төвөөс дүйцүүлэх батламжийг суралцагчдад илгээнэ.

Сурагчид 2026 оноос ур чадварын шалгалт өгнө 

2026 оноос элсэлтийн шалгалтын агуулга, журам өөрчлөгдөх аж. 2026 оноос шалгуулагч бүр суралцах чадварын шалгалт өгнө. Судлагдахууны хоёр түвшинд шалгалт өгнө, элсэлтийн ерөнхий хичээл сонголтод албан ёсны англи хэлний шалгалт өгдөг болно гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *