Press ESC to close

Намуудын жагсаалтын ханш хэд хүрэх вэ

  • March 11, 2024
  • (0)

УИХ-ын ээлжит сонгууль болоход хэдхэн сар үлдлээ. Энэ удаагийн сонгуулиар бид 126 парламентын гишүүнийг сонгоно. Үүний 78-ыг тойргоос, 48-ыг намын жагсаалтаар сонгох юм.

Намууд тавдугаар сарын 20-ны дотор нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулах хуулийн хугацаатай. Гэхдээ үүнээс өмнө нэр дэвшихээр горилогчид намын дарга нараасаа нэр дэвших эрхээ олж авахаар гүйсээр. Энэ эрхийг намын удирдлагууд зарж, намынхаа санхүүжилтийг босгодог жишиг тогтоод удаж буй. Өөрөөр ч намынхаа санхүүжилтийг босгох арга хэлбэр байхгүй.

Өмнө нь намууд нэр дэвшигчдээс хандив, дэнчин, рейтингийн судалгаа гэх нэрээр санхүүжилт авдаг байсан бол энэ удаагийн Сонгуулийн тухай хуулиар зөвхөн жагсаалтаар нэр дэвшигчдээс сурталчилгааны санхүүжилтийг авна гэж заасан. Тодруулбал, жагсаалтаар нэр дэвшигчдийн сурталчилгааг нам нэгдсэн байдлаар хийх бөгөөд сурталчилгааны санхүүжилтийг нэр дэвшигчдээс авна. Хуульд сурталчилгааны санхүүжилт гэж гоёор тайлбарлаж байгаа ч үнэн хэрэгтээ энэ бол жагсаалтын квотыг худалдаж байгаа л хэлбэр.

Намууд нэр дэвшихээр горилж байгаа хүмүүсээс хандив авсаар өнөөдөр аманд багтахгүй тоо сонсогддог болжээ. Анх 2008 онд Ардчилсан нам нэр дэвшигчдийн босгыг 20 сая төгрөгөөр эхлүүлж байлаа. Тухайн үед 120 орчим хүн нэр дэвшихээ илэрхийлж, намынхаа дансанд мөнгө байршуулсан гэдэг. Тус сонгуулиар Ардчилсан нам УИХ-д 27 суудал авсан. Харин сонгогдож чадаагүй нь намдаа хоёр тэрбумыг бэлэглээд өнгөрч байв. Гэхдээ намдаа хэр их хандив өгнө тэр хэмжээгээр төрийн өндөр албан тушаалд томилогдох магадлал нэмэгдэнэ.

Тэгвэл энэ тоо жил ирэх тутам нэмэгдэж, 2020 оны сонгуулиар АН нэг нэр дэвшигчээс 100 сая төгрөгийн хандив авсан бол МАН рейтингийн судалгаа нэрээр хандив авч байсан юм. Гэхдээ энэ тоо зөвхөн тойрогт өрсөлдөх нэр дэвшигчдийн “босго”. Харин намын жагсаалтад багтахыг хүссэн эрхмүүдийн хувьд мөнгөний хэмжээ хэд дахин өсдөг жишиг бий. Гэхдээ мөнгө өгч жагсаалтад орсон бүхэн УИХ-ын гишүүн болно гэсэн үг биш. Жагсаалтын хэдэд эрэмбэлэгдэх, нам нь хэдэн санал авахаас хамаарч тухайн хүний гишүүн болох, эсэх нь шийдэгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, их мөнгө өгч намын жагсаалтын дээгүүр орсных нь гишүүн болох магадлал нэмэгдэнэ.

Тэгвэл энэ удаагийн Их хурлын сонгуулийн жагсаалтын ханш 4-6 тэрбум хүрнэ гэсэн мэдээлэл гараад байгаа. Хэрвээ ийм ханшид хүрвэл намуудын жагсаалтаас шинэ хүн, гэрэл гэгээ хүлээгээд хэрэггүй. Учир нь ийм хэмжээний хандив намд өгөөд жагсаалтад орох боломжтой эмч, багш, инженер, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл Монголд байхгүй. Тиймээс нөгөө л мөнгөтэй, бизнестэй улстөрчид намуудын жагсаалтад олноор орж ирнэ. Хэрвээ бид парламентдаа салбар салбарын төлөөллийг оруулж, олон намын тогтолцоотой болъё гэвэл улс төрийн намууд санхүүжилтээ нэр дэвшигчдээсээ босгодгоо л болих хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *